2010-11-11
Мэндчилгээ
                Мэндчилгээ
Монголын төлөө гэсэн  хүсэл мөрөөдөл тань биелэх болтугай
Монголын нийт оюутнууд та бүхэн эрдмийн их олз омогтой байна уу?
Юуны өмнө энэхүү мэндчилгээг минь уншин суугаа, цаг үетэйгээ хөл нийлүүлэгч оюутан таныг хүндэтгэе.  Учир нь Та  техник, технологийн хөгжлийг тодорхойлогч цахим ертөнцөд мэдээллийн эрэл хайгуул хийж байна. Хайгуул хийхдээ Монголын оюутны холбооны төв веб сайтаар зочилсон байгаа нь таныг хэрэгтэй мэдээллээ зөв газраас олж чаддаг төдийгүй хэрэглээний өндөр соёлтой болохыг харуулж байгаа юм. Яг үүнтэй адил Монголын оюутнуудын дийлэнх хэсэг нь интернэтийг байнгын хэрэглээгээ болгосон гэдэгт эргэлзэхгүй байна.

Монголын оюутны холбооны Ерөнхийлөгч болно гэдэг миний хувьд нэр төрийн үйл хэрэг юм. Аливаа улс орны хувьд оюутны дуу хоолой, улс орны хөгжилд үзүүлэх тэдний нөлөө нь нийгмийн хамгийн хүчирхэг хэсэг байсаар ирснийг Дэлхийн түүх нотлон харуулах билээ. Хүн төрөлхтөнд занал хийлж буй Дэлхийн хоёрдугаар дайныг эсэргүүцсэн Прага хот дахь оюутны тэмцэл, дарангуйлагч төрийг өөрчлөхийг хүссэн оюутнуудын Тянь Ан Миний талбайд мөнхөрсөн амь  Дэлхий дахиныг энх тайванд уриалж чадсан. Энэ бүгдээс үзэхэд оюутан залуус бол оюун ухаан, зүрх сэтгэл, бие мах бодь хүсэл тэмүүллээрээ нийгмийн харилцааны өндөр идэвхжилттэй хэсэг гэдэг нь харагдаж байгаа юм. Ийм учираас миний бие Монголын оюутны холбооны Ерөнхийлөгч болсондоо баярлаж, догдлохоос илүүтэйгээр өндөр итгэл, хариуцлага ноогдсоныг мэдэрч байна. Манай орны хүн амын 60-70 хувийг залуучууд эзэлдэг. Хүн амын тоотойгоо харьцуулахад дэлхийд дээгүүр бичигдэх оюутантай манай орны хувьд оюун санааны тэмцлийн энэ үед нэгдэн хөдөлж чадваас олон өөрчлөлт шинэчлэлт биднийг хүлээж байна.

Иймд Монголын хамгийн хүчирхэг хэсэг болох оюутнууд та бүхнийг нэгэн тэмцэлд уриалан дуудах гэсэн юм. “Монгол улс надад юу өгч чадах вэ? гэж горьдох биш би Эх орныхоо сайн сайхны төлөө юу бүтээж чадах вэ?” гэдгийн хариултыг эрж олох оюуны их хайгуулд уриалж байна. Үүний хариултыг олохын тулд юун түрүүний хийх алхам бол өөрсдөө хөл дээрээ босож ирэх юм шүү. Тэрнээс биш проблем бол хорвоогоор дүүрэн байна. Монгол улс буруу яваад байна, удирдагчаа буруу сонгочихож, хятадын колони болох уу, за цаашилбал агаар мандалын озон цоорлоо, дэлхийд дулаарлын аюул нүүрлэлээ гэдэг юм уу гэх мэт түмэн проблем байна. Гэхдээ залуу хүний нэгдүгээр асуудал бол эхлээд хөл дээрээ босохын тулд одоо сурч буй мэргэжлээ сайн эзэмших юм. Хэзээ ч, хэн ч салгаад авч чадахгүй мэдлэг, чадварыг бид эзэмших ёстой. Монголын оюутан бүр ийм хүсэл мөрөөдөлтэй байж чадвал бидний эх орон богинохон хугацаанд өөрчлөгдөнө гэдэгт би итгэж байна. Бид чинь агуу ард түмэн, бардам ард түмний үрс шүү дээ. Залуу хүнд зорилго үгүй бол эх оронд ирээдүй үгүй гэдэг. Ийм болохоор улс орны өнгө төрхийг тодорхойлж хөгжилд хүрэх эрчим хүч нь болсон оюутан таны маргааш ямар байна Монголын маргааш яг л тийм байна гэдгийг та санаарай.

Монголын оюутны холбоо оюутны эрх ашгийг хамгаалаад зогсохгүй үнэн зөв, бодит мэдээллийг түгээх, нийгмийн баталгааг хангах үүрэг хүлээн ажиллаж ирсэн, цаашид ч ажилласаар байх болно гэдгийг уламжлахад таатай байна. Бид энэхүү веб сайтаараа дээд боловсрол, их дээд сургууль, оюутнуудтай холбоотой бүхий л төрлийн мэдээ мэдээллийг цаг тухай бүрт нь түргэн шуурхай мэдээлж байхын төлөө чармайн зүтгэх болно. Оюутан хүний асуудаг бүхий л асуултын хариулт энд байх юм.  Цаашид манай веб сайт оюутан таны хамгийн түрүүнд орж үздэг, өдөр тутмын хэрэглээ чинь болно гэдэгт итгэлтэй байна. 

Ингээд та бүхэндээ аз жаргал хамгийн сайн сайхныг хүсээд Монголын төлөө гэсэн бүх хүсэл мөрөөдөл чинь биелэх болтугай гэж ерөөж сурлага хөдөлмөрт тань өндөр амжилт хүсье.

Та бүхнийг хүндэтгэсэн                                    
Чулууны Ганхуяг
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax